22
MAR
2013

Ажлын байрны тодорхойлолт

Narantuya M ajliin bair

 

Мэндийн НАРАНТУЯА

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН БАГШИЙН АЖЛЫН БАЙРНЫ  ЕРӨНХИЙ ТОДОРХОЙЛОЛТ (төсөл)

 

 

I. Танилцуулга

1. Байгууллагын нэр
2. Нэгжийн нэр
3. Ажлын байрны нэр
a. Албан тушаалын ангилал
b. Албан тушаалын зэрэглэл
4. Ажлын байрыг шууд харъяалан удирдах албан тушаалын нэр
5. Ажлын байрны шууд харъяалан удирдахалбан тушаалын нэр

II. Нийтлэг үндэслэл

6. Их, дээд сургуулийн багшийн ажлын байрны тодорхойлолт нь тэдний хөдөлмөрөө шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах, бэлтгэж буй мэргэжил ба мэргэшлийн тодорхойлолтын шаардлагыг хангах, үндсэн чиг үүрэгт ажлаа гүйцэтгэх, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлын үр дүн, хариуцлага тооцох үндэслэл болно.

7. Их, дээд сургуулийн  багшийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна.

a. Профессор

b. Дэд профессор

c. Ахлах багш

d. Багш

e. Дадлагажигч багш

8. Их, дээд сургууль, коллежийн багшийн эрх, үүргийг холбогдох Боловсролын хууль тогтоомжийн дагуу зохицуулах ба багшид тавагдах шаардлагуудыг БСШУ-ны сайдын 2003 оны 139 дүгээр тушаалаар батлагдсан “Багшийн албан тушаалыг эрхлэхэд тавигдах шаардлага”-д үндэслэн боловсруулна. Сургуулийн төрөлжсөн сургалт, бэлтгэж буй мэргэжлийн болох мэргэшүүлэх чиглэлийн онцлог, практик үйл ажиллагааны чиглэл зэргээс хамааран тусгай шаардлагууд тавигдаж болох ба үүнийг тухайн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

III. Ажлын байрны зорилго

9. Их, дээд сургууль, коллежийн багш нь оюутны  суралцаж буй  мэргэжлээрээ өндөр ур чадвартай, хөрвөх чадвартай, нийгмийн үзэгдэлд дүн шинжилгээ хийх судалгааны арга техникийг эзэмшсэн, дадлага туршлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, нийгмийн идэвхтэй боловсон хүчин бэлтгэх зорилготой.

10. Ажлын байрны үндсэн зорилтууд, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд

a. Зорилго 1. Сургууль, тэнхмийн сургалт-эрдэм шинжилгээ, багш нарын заах арга зүй, сургалтын технологийг шинэчлэх, турших, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, оюутнуудад зориулсан гарын авлага боловсруулах зэргээр сургалтын чанарыг дээшлүүлэх, хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх замаар сургууль, тэнхмийг зорилгоо хангахад дэмжлэг үзүүлэх. Зорилго 1-ийн хүрээнд дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

i. Боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, магистр, докторын сургалтын түвшинд тохирохуйц сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг сонгон хэрэглэж, суралцагчийг шинжлэх ухааны үндэстэй  шинэлэг мэдээллээр хангах, тэдний мэдлэг бүтээх, судалгаа шинжилгээний арга барил эзэмших үйл явцыг өөрийн идэвхтэй үйл ажиллагаагаар дэмжих

ii. Сургалтын явцад шинжлэх ухааны дэвшилтэт арга барил, идэвхтэй сургалтын сонирхолтой аргуудыг сонгон хэрэглэж, суралцагсдад бүтээлч, бие даан суралцах, судалгаа хийх чадвар эзэмшүүлэх, сурах, хөгжих, мэдээллийн эрэл хайгуул хийхэд нь  байнгын  дэмжлэг үзүүлэх

iii. Боловсролын хөтөлбөр боловсруулах үндэсний, бүсийн, орон нутгийн, олон улсын түвшний үйл ажиллагаанд оролцдог  байх

iv. Тэнхмийн болон бусад арга зүйн уулзалт, хуралд оролцох

v. Мэргэжлийн болон заах арга зүйн гарын авлага, ном, сурах бичиг боловсруулах, нийтлүүлэх, түгээн дэлгэрүүлэх

vi. Сургалтын горимыг баримталж, оюутнуудын ирцийг  хянаж,  оролцоог хангаж ажиллах

vii. Оюутнуудад зөвлөгөө өгөх тохирсон цагийн хуваарьтай байх

viii. Оюутнуудын үйлдвэрлэлийн болон бусад дадлагыг төлөвлөх, удирдах

ix. Өндөр түвшний эрдэм шинжилгээ судалгааны ажил төлөвлөж, түүнийг удирдан зохион байгуулахад оюутнуудыг оролцуулах

x. Байгууллагын дүрэм, журам, зааврыг дагаж мөрдөх

xi. Оюутнуудын эрх, үүргийг хүндэлж, тэднийг мэргэжлийн ёс зүйд сургах, дэмжих

b. Зорилт 2. Үр дүнтэй сургалт- судалгааны ажлыг удирдан зохион байгуулж оюутны бүтээлч, шүүмжлэлт сэтгэхүйг хөгжүүлэх, мэргэжлийн стандартыг хангахуйц  мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх, эрдэм шинжилгээний ажил эрхлэх танин мэдэхүйн сонирхол, ур чадвар эзэмшүүлэх замаар тасралтгүй суралцагч,  судлаачийг бэлдэх. Зорилго 2-ын хүрээнд дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

i. Боловсролын стандартанд туссан мэдлэг, чадварыг оюутнуудад эзэмшүүлэх

ii. Оюутны бие даан сурах, санаачлагатай бүтээлч хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн үр дүнтэй сургалтын үйл явцыг хангах

iii. Мэргэжлийн хичээлийн агуулгыг бүрэн эзэмшүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай онол, практикийн  мэдлэг чадварыг  олгоход хамгийн үр дүнтэй заах арга, сургалтын дэвшилтэт шинэ технологийг ашиглах

iv. Оюутанд мэргэжлийн хүрээнд зайлшгүй эзэмших болон  салбарын хүрээнд хөрвөх чадвартай боловсон хүчин болоход нь  шаардлагатай мэдлэг, чадварыг олгосон байх

v. Мэргэжлийн  болон нийгмийн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хурал, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулдаг байх

vi. Оюутны ангийн ажил, реферат, бичгийн ажлууд, эссе, шалгалт  шүүлэг зэрэг оюутны бие даасан ажлыг тогтмол үр дүнтэй  төлөвлөж, зохион байгуулж,  дүгнэсэн байх

vii. Нийгмийн хөгжлийн талаар бүхэлд нь болон нийгмийн  аливаа нэг тодорхой  чиглэлээр цогц, системтэй мэдлэг олгосон байх

 

IV. Багшийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага

11. Багш нь доорх чиглэлээр  мэдлэг, чадвартай байна. Үүнд:

a. Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль болон бусад холбоглох заавар, журам

b. Боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлал, физиологи, мэргэжлийн болон боловсролын стандарт

c. Зааж буй хичээлийн агуулга, сургалтын  онол арга зүй

d. Мэргэжлийн дагуу хийж гүйцэтгэх ажил үйлчилгээний технологи, ажлын горим

e. Оюутны сургалт, хүмүүжлийн ажил

f. Ажлын байрны эрүүл ахуй, орчны шинжилгээ

 

12. Багшид дараах ёс зүйн шаардлага тавигдана. Үүнд:

a. Багш мэргэжлийн өндөр түвшинд, оюутны сурах хөгжих хэрэгцээнд нийцэхүйц, шинэлэг мэдээлэл агуулсан, сургуулиас тавигдах шаардлагад нийцсэн хичээлийн хөтөлбөр боловсруулж, түүнийгээ байнга шинэчлэн хөгжүүлж, хэрэглэнэ. Үүний тулд мэдлэг боловсрол, судалгаа шинжилгээний арга барил, багшлах ур чадвараа сайжруулан хамдтаа хөгжиж дэвшихийг эрхэм болгон ажиллана.

b. Багш суралцагчийн мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодитой, шударга үнэлдэг байна.

c. Багш суралцагчийн болоод багш хамт олны харилцаанд итгэл, хүндэтгэл, хамтын ажиллагааг чухалчлан үзэж, оюутны бие даан хөгжих, үзэл бодлоо илэрхийлэх, сургуулиас баталсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд чөлөөт сонголт хийх,  хамтран суралцах эрхийг  хүндэтгэн харилцана.

d. Суралцагчийг сэтгэл зүйн хувьд дарамтлах, тэднийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн байдал болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхахаас зайлсхийж, сургалтын үйл явцад оролцох, үр дүнг хүртэх тэгш боломжоор хангахыг эрхэмд үзнэ.

e. Сургалт, судалгааны ажлын хүрээнд өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ хүчээр тулгах оролдлого хийх,  байгууллага, хувь хүний нэр төрд халдах, гүтгэх, доромжлохыг цээрлэж, оюутан суралцагч, бусад багш, судлаачийн үзэл бодлыг хүндэтгэн, зөвшилцөх, буулт хийх хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэнэ.

f. Их дээд сургуулийн багш нь шинжлэх ухааны танин мэдэхүй, нийгмийн практикт үр өгөөжтэй эрдэм шинжилгээний судалгааны ажил эрхэлнэ. Судалгааны ажилдаа бусад судлаач, хувь хүн тэдний үзэл бодлыг хүндэтгэн үзэхийн хамт улс төр, шашны   үзлийн нөлөөллөөс ангид, гагцхүү шинжлэх ухааны үнэнийг дээдэлсэн байхыг эрхэм болгоно.

g. Суралцагчийн судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, зөвлөх үүргээ бүрэн биелүүлж, эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэгт биечлэн оролцож, хэлэлцэж буй бүтээлтэй бүрэн танилцсаны үндсэн дээр саналаа илэрхийлэхийг эрхэмд үзнэ.

h. Хэлэлцүүлэгт оролцохдоо танил  тал, байгууллагын харъяалал, багш шавийн холбоо зэргээс үл хамааран гагцхүү шинжлэх ухааны ёс зүйн шаардлагыг баримтлана.

V. Харилцаа, хамтын ажиллагаа

13. Ажлын байрны харилцах субъект

a. Байгууллагын дотор талд байгаа:

i. Багш нь тэнхмийн болон бусад багш нартай мэргэжлийн болон оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажлын хүрээнд байнгын холбоотой ажиллаж, оюутны хөгжилд нэгдмэл байдлаар хандана

ii. Багш нь тэнхмийн болон бусад багш нартай багаар ажиллаж тэнхмийн болон сургуулийн зорилгыг хангахад нэгдмэл хүчээр хамран ажиллана

b. Байгууллагын гадна талд байгаа

i. Багш нь мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн дадлага, мэргэшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулна

ii. Багш нь залуу үеийн хөгжил, хүмүүжил, нийгмийн идэвхи оролцооны талаар олон нийтэд мэдээлэл хийх, илтгэл, нийтлэл хэвлүүлэх, сургалт семинар зохион байгуулахад бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбоотой ажиллах

VI. Ажлын байрны нөөц, хэрэгсэл

14. Санхүүгийн: албан тушаалын үндсэн цалин, нөхөн олговор, нэмэгдэл

15. Материалын: дотуур болон гадуур утастай, албан өрөөнд ажлын байр, ширээ сандал, шүүгээ, компьютор, хувилагч, хэвлэгч техник хэрэгсэл, интернетийн сүлжээ

16. Хүн хүч:  олон оюутнаас шалгалт авахад магистрант, туслах багшийн дэмжлэгийг авах боломж

17. Бусад

VII. Ажлын байрны нөхцөл

18. Ердийн: хэвийн гэрэлтүүлэг, дулаан, агаажуулалттай байх

19. Онцгой: эрдэм шинжилгээ болон сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох талаар судалгаа, боловсруулалтын ажил эрхлэн явуулж, нэвтрүүлсэн үр дүнтэй, оюутны бие даан суралцахад зориулсан сургалтын материал бэлтгэсэн байна.  Мөн багшийн ёс зүйн шаардлагыг хангасан байх.

VIII. Баталгаажуулалт

Сэтгэгдэл үлдээх

*

*